Соёл урлаг

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Баянзүрх дүүрэг дэх салбарын 50 жилийн ой тохиож байна

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн 50 жилийн ой өнөөдөр тохиож буй юм. Мөн энэхүү түүхт ойтой давхцаж шинэ тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга н.Саруул, Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, болон холбогдох хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.

Тус салбар номын сан нь анх 1968 онд байгуулагдаж байжээ. Үүнээс хойш 1986 онд Улаанбаатар хотын төв номын сангийн харьяа Баянзүрх дүүрэг дэх гуравдугаар салбар номын сан болсон байна. Салбар номын сан нь хүүхдийн ба нийтийн уншлагын 2 танхимтай, нэг ээлжиндээ 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай, долоон хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Монгол, гадаад, хүүхдийн төрөлжүүлсэн 42 мянга гаруй ном хэвлэл, бусад материалаас бүрдсэн номын фондтой бөгөөд жилд дунджаар 550-600 ширхэг шинэ ном, 5-8 нэрийн тогтмол хэвлэлээр фондоо тогтмол баяжуулж ирсэн байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт заасны дагуу номын сангийн хүртээмжийг сайжруулах, уншлагыг дэмжих чиглэлээр хэд хэдэн зорилтуудыг тавин хэрэгжүүлж байна. Өнгөрсөн 2018 оны нийслэлийн төсвөөс 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд байдаг салбар номын сангуулын тохижилтыг хийх, уншлагын танхимыг шинээр байгуулах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлээд өнөөдөр хоёр дахь номын сангийнхаа нээлтийг хийж байна” хэмээлээ.

Номын сангийн зүгээс ойн хүрээнд төлөвлсөн олон бүтээлч ажлуудаа тэмдэглэн дүгнэхийн сацуу үе, үеийн ажилтнууд, номыг сангийн хамтран зүтгэгчид, уншигчидийн төлөөллийг урин залсан хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Tags

Related Articles

Back to top button
Close