Танин мэдэхүй

Цөөврүүд

Цөөвөр чоныг дэлхий нийтэд гиен гэж нэрлэдэг байна. Гадаад төрхөөрөө чонотой төстэй боловч чоно нохдын язгуурын амьтан огтхон ч биш юм. Африк тивийн ихэнх нутагт амьдарна. Хүчирхэг эрүүтэй, цээж бадриун, бөгс шувтан. Орог саарал биен дээр хар хар толбонуудтай байдаг тул зарим судлаач толбот цөөвөр гэх нь ч бий. Цөөврүүд эр эмээрээ хослон амьдрах бөгөөд гэхдээ голдуу сүрэглэн бөөгнөрч байж ан гөрөө хийнэ. Гэдсээ өлсөхөөр улилдан яндангийн дуунаар цугларах комбинатын ажилчид мэт бөөгнөрцгөөнө. Сүрэг цөөвөрт барихгүй амьтан байхгүй. Тэд судалт тахь, үхэр, гөрөөсөөр голчлон хооллодог. Барих амьтнаа сүргээс нь тасдан ээлжлэн хөөж сульдаана. Ангаа элдэж байхдаа өвөрмөц хоолойгоор тагшин дуугарч хашгиралдаж байдаг. Эцсэн амьтан хөдөлж чадахгүй болмогц тал талаас нь зууран чангааж татаж унагаадаг байна. Барьсан хоолон дээрээ шавааралдан байх нь ямар ч амьтны айдас хүрмээр зэвүүн.

Бас толбот чононууд сэг зэмээр хооллоно. Тас, хамарт бүргэд хаана буухыг андахгүй. Тэдний олсон сэг зэмийг сүрэглэж дайрч булааж авдаг. Бүүр өлссөн үедээ арслангийн хоолыг ч булаацалдаж үйлийг нь үздэг юм гэсэн. Дал наяараа сүрэглэж Африкийн тал нутагт ноёрхлоо тогтоох нь бусад амьтдад үнэн түвэгтэй тул ихэнх махчин амьтад гиений сүргээс даижин оддог ажээ.

Цөөврүүд эхийн эрхт ёсыг баримталдаг амьтад. Эмсийнх нь бие хаа эрээсээ хавьгүй том. Тэд хоорондоо эрийг булаацалдан зодолдож хүнээр бол “үс гэзгээ зулгаацалдацгаадаг”. Дийлсэн эм сайн нөхөртэй болж түүний ур удмыг тал нутагт үргэлжлүүлэх бөлгөө. Голчлон нэгээс гурван бэлтрэг гаргана. Эм чоно дөрвөн хуруут хүчирхэг хөлөөрөө нүх ухан үр төлөө нуучихна. Энэ амьтны эмд нь эрийн шинж чанар үргэлж илэрч байдаг. Эм нь эр шигээ сэлдийтэй. Том сэлдий ардаа унжуулан сагсалзана. Гэхдээ тэр нь хуурамч. Бас эмийн биед эрэлхэг зориг, хурц догшин авирыг бий болгогч эр эсийн гормон байнга ялгардаг байна. Хуурамч засаа эмийг бүсгүй гэдгийг нууж эрээс ялгаруулахгүй байх байгалийн зохилдлого юм. Яагаад гэвэл арслангууд сүргийн толгойлогч эмийг олж устгах бодол тээж тэднийг шиншиж байдаг. Эм нь эрээсээ илүү зогдортой байх нь ч бий. Өлсч цухалдсан зогдорт эм бусад амьтны идэж дийлдэггүй тахь, үхэр гөрөөсний эвэр туурайн ясыг тас тас хазлан тачигнатал идэж дөвчигнөдөг. Цөөврүүдэд ямар ч халдварт өвчин тусдаггүй. Тэд ялзарч, илжирч муудсан юуг ч дажгүй иднэ. Өлссөн үедээ баасаа хүртэл иддэг гэсэн шүү. Африкийн тал нутгийн шөнө түнэр харанхуй. Харанхуйд гэв гэнэтхэн “хэн нэгний” зэвүү хүрэм “инээх” дуулддаг. Та хүн гэж андууравзай. Энэ бол омгийн удирдагч эрэлхэг эмэгтэй идэж цадаж ханаад сайхан зан нь хөдөлж нөгөө муу эрийгээ эрхлүүлж байгаа нь тэр юм. Арьсан засаат авгай зрийг гижигджээ. Нөгөөдөх нь зулгуйдан хөхөрч байна л даа. Энэ ертөнц дээр эр амьтны эмдээ зулгуйдах зулгуйдалт шиг тийм ой гутам муухай зүйл байдаггүй юм.

Ж.Мягмарсүрэн

Related Articles

Check Also

Close
Back to top button
Close