Зөвлөгөө

Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-ын нисгэгчид хэрэглэж байсан түргэн нойрсох арга

Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-ын байлдааны онгоцны нисгэгчид сайн нойр авч чадалгүй тулаанд ордгоос алдаа их гаргадаг байжээ.

Нойрмог нисгэгчид өөрийн онгоцоо буудаж унагах, дайсны довтолгооноос зугтаж чадалгүй суманд оногдох зэрэг алдаа гаргадаг байсан гэнэ.

Ингээд тэнгисийн цэргийн офицер Бад Уинтерт нисгэгчдийг ямар ч орчин нөхцөлд түргэн нойр авч чаддаг болгох арга боловсруулах даалгавар өгсөн юм.

Тэрээр өмнө нь коллежийн хөлбөмбөгийн багийн дасгалжуулагч байхдаа сэтгэлзүйчидтэй хамтран тамирчдад богино хугацаанд биеэ амраах дасгал боловсруулж, амжилттай хэрэгжүүлж байжээ.

Уинтерийн боловсруулсан арга ч үр дүнгээ өгч зургаан долоо хоног дасгал хийсний дараа нисгэгчдийн 96 хувь нь хоёр минутын дотор унтаж сурсан байна.

Буун дуу сонсогдож байхад ч, кофе уусны дараа ч, суугаагаараа байхдаа ч тэд гүн нойронд автаж сурцгаажээ.

Ингээд Уинтерийн боловсруулсан аргыг танилцуулж байна.

  1. Тухтай байрлалаа олох

Оронд хэвтэж байгаа хүнд энэ бол асуудал биш. Харин сууж байгаа хүнд тухтай байрлалаа олох хамгийн чухал.

  1. Нүүрээ суллах

Хамгийн чухал нь энэ хэсэг юм. Хүний нүүрэнд 43 булчин байдаг. Нүүр бүхэлдээ суларч чадвал биеийн бусад бүх хэсэгт тайвшрах дохио өгдөг ажээ.

Тиймээс нүдээ аниад дух, эрүү, хацар, хэл гээд нүүрээ бүхэлд нь сул тавь. Ингэж чадвал хүн гүнзгий, удаан амьсгалж эхэлдэг. Үүний дараа нүдээ суллана. Нүдийг тойроод зургаан булчин байдаг.

  1. Мөр, гараа суллах

Мөрөө хүндэрч байгааг мэдэрч, хөл рүүгээ унаж байна гэж төсөөл. Ихэнх хүмүүс мөр, хүзүү, эрүүндээ их ачаалал өгч явдаг тул эднийгээ суллаж чадах нь маш чухал. Мөр, хүзүүгээ бүрэн сулласны дараа хоёр гараа ээлж ээлжээр суллаж, бүрэн сул хаяна.

  1. Хөлөө суллах

Бөгсөн хэсгийнхээ баруун хэсгийг хүндрэн доош живж байгаа мэтээр сэтгэнэ. Өвдөг, шагай, хөлийн хуруу хүртлээ энэ мэтээр суллана. Дараа нь зүүн талаа бас ингэж суллана.

  1. Тархиа 10 секунд цэвэрлэнэ

Бүх бие суларсны дараа тархиа “унтраах” дасгалд шилжинэ. Толгойдоо ямар нэг хөдөлгөөнтэй зүйлийн талаар огт бодож болохгүй. Жишээ нь дугуй унасан тухайгаа, гадуур явах ажлынхаа талаар гэх мэт. Ийм бодлууд хүний биеийг өөрийн эрхгүй чангалж, хөдөлгөж эхэлдэг. Уинтерийн заасан бодлын нэг жишээ:

“Хаврын дулаахан тунгалаг өдөр дөлгөөн нуурын мандалд хөвөх завин дээр тэнгэр хараад хэвтэж байна гэж төсөөл. Цэнхэр тэнгэр, удаан нүүх үүлсийг ажиглаж байна. Энэ зураглал дээр төвлөрөөд өөр юуг ч бодож болохгүй. Ингэвэл 10 секундын дараа нойронд автана” гэжээ.

Энэхүү дасгалыг олон дахин давтсаны эцэст зургаан сарын дараа нисгэгчдийн 96 хувь нь ямар ч нөхцөлд гүн нойрсож чаддаг болсныг санах хэрэгтэй.

 

Эх сурвалж: Business Insider

 

Related Articles

Back to top button
Close