Шар мэдээӨөр өнцөг

Хөвгүүдээ хөсөр хаядаг уламжлалт сэтгэлгээг хэзээ халах вэ?

СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙН 347 МЯНГА НЬ ЭРЭГТЭЙ, 479 МЯНГА НЬ ЭМЭГТЭЙ БАЙНА

Хүүхэд болгон математикч болох албагүй, харин эцэг, эх болно гэдгийг анхаарах ёстой гэж сурган хүмүүжүүлэгч нэгэнбээр ХХ зуунд хэлсэн нь бий. Хүн бүр математикч болох албагүй нь үнэн боловч боловсрол эзэмшихгүй бол XXI зууны иргэн гэхэд гологдох нь гарцаагүй болжээ. Үүнээс гадна иргэдийн боловсролын түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин харьцангуй илүү гарч эхэлсэн нь арван жилийн дараагаас ноцтой үр дагавар бий болгохыг мэргэжлийн байгууллагынхан дүгнэж байгаа юм.

Нийгэм дэх боловсролын түвшин ийн харьцангуй болж байгаа нь гэр бүлийн харилцаанд ч урхаг тарьж болзошгүйг Жендерийн үндэсний хорооны илтгэлд дурджээ. Харин ийм байдалд хүргэж байгаа шалтгааныг уламжлалт сэтгэлгээтэй холбон тайлбарлах нь олонтаа. “Хөвгүүд яахав учир нь олдоно, хөөрхий охин маань хэцүүднэ” гэдэг монголчуудын хандлагаас энэ байдал даамжирсан.

Хөвгүүд сургууль завсардах, ерөнхий боловсрол эзэмшиж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь мал маллах, ажил хийлгэх гэсэн эцэг эхийн хүсэлтэй холбоотойг тоо, баримт тодорхой харуулж байна. БСШУСЯ-наас 2017 онд сургууль завсардсан 6-14 насны хүүхдийн тоог судалгаагаар илрүүлжээ.

Сургуульд суралцахгүй байгаа шалтгааныг тодорхойлсон судалгааг инфографикаас тодорхой харж болно. Сургуульд огт сурдаггүй хүүхдийн дийлэнх нь хогийн цэг дээр л байдаг гэсэн ойлголт бий.

Гэтэл эл судалгаагаар өөр дүгнэлт гарч байна. Тухайлбал, сурагч болж амжаагүй 6-11 насны 462 хүүхдийн 131 нь өвчний улмаас сургуулийн босго алхаж чадаагүй бол 331 нь ар гэрийн гачигдал, мал маллах шалтгаанаар суралцах эрхээ хасуулжээ.

Тэдний дийлэнх нь өнөөх хөсөр хаягдсан хөвгүүд. Өөрөөр хэлбэл, мал дагуулах, хурдан морио адгуулах зорилгоор хөвгүүдийг сургууль завсардуулсаар байна. ХНХЯ-наас хийсэн судалгаагаар 2017 онд 10435 хүүхдийг морь унаач, малчны ажил хийлгэж байгаа гэсэн тоо гарчээ.

Бага насны хөвгүүдээр морь унуулах, адуу мал арчлуулах зорилгоор сургууль завсардуулснаас эрсдэлд орж байгаа жишээ ч бас бий. Саяхан Сүхбаатар аймагт алдарт уяачийн морь малладаг 13 настай хүү жүчээнд амиа алдсан. Хөөрхийг эцэг, эх нь амьжиргаандаа нэмэр болгохоор хэдэн төгрөгний цалинтайгаар алдарт уяачийн жүчээнд ажиллуулж байсан тухай ХЭҮК-ын дарга ярьж байна лээ.

Түүний адил сургууль завсардаж, морины хөлс хусаж зогсоо олон хүүхэд байгаа нь лавтай. Хөвгүүдээ суурь боловсрол эзэмшүүлээд л хөдөлмөрийн зах зээлд гарган амьжиргаагаа залгуулдаг айл ч олон байх. Ерөнхий боловсрол эзэмшиж буй хүүхдийн дийлэнх нь эмэгтэй.

Харин олон хөвгүүн 9 дүгээр ангиасаа суралцах боломжгүй болж байгааг тоо баримтаас харж болно. БСШУСЯ-ны мэдээллээр, сүүлийн хоёр жилд 9 дүгээр анги төгссөн буюу суурь боловсрол эзэмшсэн хүүхдийн 23.7 хувь нь 10 дугаар ангид элсэн ороогүй байна.

Өөрөөр хэлбэл, 14.5 мянган хүүхэд МСҮТ болон ажлын талбарт гарч байгаа гэсэн үг. Тэдний 64.9 хувь нь эрэгтэй, 35.1 хувь нь эмэгтэй. Үүнээс өнгөрсөн жил 5809 хүүхэд МСҮТ-д элсэн орж, 3200 хүүхэд хөдөлмөрчин армид нэгджээ. Эдгээр хүүхдүүд мэдээж мэргэжилгүй учир мал маллахаас эхлээд барилгын туслах, барааны захын тэрэгчин, угаалгын газрын ажилтан болж байгаа.

2016 онд салбарын сайдын баталсан “Хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон ажлын байрны жагсаалт” хэрхэн хэрэгжиж байгааг ХНХЯ, МХЕГ-ын хамтарсан ажлын хэсэг энэ жил шалгажээ. Тус шалгалтаар 495 хүүхдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байсныг илрүүлжээ. Тэдний 90 хувь нь 14-17 насны хөвгүүд аж. хөвгүүдийг хөдөө аж ахуй, автомашин угаалгын газар, барилга угсралт, бичил уурхай, зам засварын анги зэрэг биеийн хүчний ажилд дайчилдаг байж.

Баригдсан нь л энэ болохоос шалгалтад өртөөгүй олон байгууллага бий гэдэгт эргэлзэхгүй байна. Сүүлийн хоёр жилд ерөнхий боловсрол эзэмшээгүй, МСҮТ-д орж чадаагүй түм, буман хүүхэд амьдралын дүрмийн дагуу ийн амьжиргаагаа залгуулж байгаа гэдэгт ч эргэлзэх шаардлага алга. МСҮТ-өөр дамжин мэргэжил эзэмшин ажлын талбарт гарч буй хүүхдийн талаар энд өгүүлээгүй гэдгийг хэлэх нь илүүц биз.

Харин “Хөвгүүд яахав учир нь олдоно” гэх уламжлалт сэтгэлгээ боловсрол нимгэн, боломж тааруу залуусын арми бэлтгэж буйг хэлээд байгаа хэрэг. Дээд боловсрол эзэмшсэн дэгжин шаавай эмэгтэйчүүдэд боловсролд нь дүйх, боломжинд нь таарах харчууд энэ хэрээр цөөрсөөр байгаа.

2017 оны байдлаар 76.8 мянган эмэгтэй өрх толгойлон амьдарч байгаа ба хамтран амьдрагчийн хүчирхийллийн дарамтад өртсөн эмэгтэйчүүд 15 мянгаар хэмжигдэж байна. Нийгмийн боловсрол, мэдлэг дутуугаас хүчирхийлэл үйлдэх нь олонтаа тул боловсролтой эмэгтэйчүүд ганц биеэр буюу өрх толгойлж амьдрахыг илүүд үзэх болжээ. Тэр хэрээр хөөрхий охид хэцүүднэ гэсэн уламжлалт хандлага өөр утгаар биеллээ олох аж.

Өнгөрсөн зургадугаар сард Английн Guardian сонин дээр “Хэтэрхий ухаантай, хэтэрхий амжилттай монгол хүүхнүүдэд нөхөр олдохгүй байна” гэсэн гарчигтай нийтлэл гарсан нь манайд нэг хэсэгтээ л ярианы сэдэв болсон. Монгол эрчүүдийн боловсрол бүсгүйчүүддээ гологдох болсон энэ байдал олон улсын хэмжээнд хүртэл яригдах болсны ганц жишээ энэ.

• “Хөвгүүд яахав учир нь олдоно, хөөрхий охин маань хэцүүднэ” гэдэг монголчуудын хандлагаас хөвгүүдийн боловсрох эрх зөрчигдөж байна.

• ҮСХ-ны мэдээллээр сүүлийн таван жилд 131.8 мянган эрэгтэй эсрэг хүйстнээсээ боловсролоор хоцорчээ.

• Хүүхэд бүр математикч болох албагүй ч хөвгүүд боловсролоос гээгдэж, боломжоос хоцрох ёсгүй билээ.

Ерөнхий боловсрол эзэмшсэн охидын дийлэнх нь их, дээд сургууль дүүргэдэг. ҮСХ-ны мэдээллээр сүүлийн таван жилд их, дээд сургууль төгсөгчдийн 347.7 мянга нь эрэгтэй, 479.5 мянга нь эмэгтэй байгаа тухай дурджээ. Уг нь Монголын хүн амын хүйсийн харьцаа бараг тэнцүү. Гэтэл 131.8 мянган эрэгтэй эсрэг хүйстнээсээ боловсролоор хоцорсон нь тодорхой байна.

Байдал энэ хэвээр 10 жил үргэлжилбэл дээрх зөрүү 260 мянгад хүрч холдоно. Үүн дээр сургууль завсардсан, 9 дүгээр ангиас ажилчны эгнээнд нэгдсэн эрэгтэйчүүдийг нэмбэл бараг хагас саяд хүрнэ. Нийгэмд эрэгтэй, эмэгтэй иргэдийн боловсролын түвшин их ялгаатай болох нь жендерийн аливаа харьцаанд том өөрчлөлт оруулаад зогсохгүй гэр бүл салалтад чухал нөлөө үзүүлдэг тухай өнгөрсөн хавар төрийн ордонд танилцуулсан Жендерийн үндэсний хорооны тайланд дурдаж байсан.

Төрийн зүгээс жендерийн тэгш байдлыг хангахад хүчирхийллийн асуудлыг эхэнд тавиад байгаа болохоос нийгмийг бүрдүүлэгч өрхийн гишүүдийн боловсролын тэгш байдлыг хангах чиглэлээр хангалттай ажиллахгүй байна. Өсвөр насны хөвгүүдийн ерөнхий боловсрол эзэмшилт охидынхоос хавьгүй дутуу, дээд боловсролоор эрчүүд хол хоцорч эхэлснийг дээрх тоо, баримт бэлхнээ харууллаа.

Бид уламжлалт хандлагаа хэзээ өөрчилж, сургууль завсардахаас эхлээд ерөнхий боловсрол ч эзэмшиж чадахгүй байгаа хөөрхий хөвгүүдээ өөд татах вэ. Хүүхэд бүр математикч болох албагүй ч хөвгүүд боловсролоос гээгдэж, боломжоос хоцрох ёсгүй билээ.

Засгийн газрын мэдээ

Related Articles

Back to top button
Close