Соёл урлаг

“Амьдралыг тэтгэгч О2” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Тавдугаар сарын 16-нд 976 Art Space-д Францын гэрэл зурагчин Эммануэлль Шварц, инсталляци уран бүтээлч Б.Мөнхцэцэг нарын хамтарсан “Амьдралыг тэтгэгч О2” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Дашрамд дурдахад энэхүү үзэсгэлэн нь Монгол-Америкийн Балетын Хөтөлбөрөөс НҮБ-ын Хүүхдийн Сан болон Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Амьдралыг тэтгэгч – О2” төслийн хүрээнд дэлгэгдэж буй үзэсгэлэн юм.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдэд хар өнгийн өмсгөлөөр жигдэрсэн, амны хаалттай балетын бүжигчид үйл хөдлөлөөрөө дамжуулан цэвэр агаарын төлөө буюу утааны эсрэг тэмцэж буйг дүрсэлжээ. “Үргэлж гоёмсог, яруу тансаг байдаг балетын жүжигчдээр дамжуулан цэвэр агаарын үнэ цэнэ болоод өнөөгийн Монголын нийгмийн бодит байдлыг харуулахыг зорилоо. Хэдий эдгээр зургуудад эсрэг тэсрэг өнгө аяс, зөрчилдөөнтэй байдал ажиглагдах ч энэ бол бодит байдал” хэмээн гэрэл зурагчин Эммануэлль Шварц уран бүтээлийнхээ тухай тайлбарласан юм.

Харин үзэсгэлэнгийн танхимын гол хэсэгт уран бүтээлч Б.Мөнхцэцэгийн урласан “Life Element” хэмээх дусал тарианууд хоорондоо холбогдсоор эцэстээ аргалын араг руу орж буйг дүрсэлсэн инсталляцийг байршуулжээ. Хачин жигтэй мэдрэмж төрүүлэх уг инсталляцаар дамжуулан агаарын бохирдолтой Улаанбаатар хотод эм тан, тарианы тусламжтайгаар эрүүл оршиж байна гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон байна.

“Амьдралыг тэтгэгч О2” гэрэл зургийн үзэсгэлэн тавдугаар сарын 18-нийг хүртэл 976 Art Space-д дэлгэгдэх бол “Амьдралыг тэтгэгч О2” модерн балетын жүжиг тавдугаар сарын 19-нд 19:00 цагт Корпорэйт Конвеншн Төвд зохион байгуулагдахаар болжээ.

www.zugeer.mn

Related Articles

Back to top button
Close