Онцлох мэдээ

Сургалтын төлбөрийн оронд пластик хог хаягдал авч эхэлснээр итгэмээргүй үр дүнд хүрчээ

Хүүхдүүдийн сургуульд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчны хог хаягдлыг багасгах гэсэн хоёр чухал зорилтыг сонирхолтой аргаар нэгтгэн, үр дүнд хүрсэн нэгэн сургуулийн талаар Форбес сэтгүүл мэдээлжээ.

Пармита Сарма, Мазин Мухарт нар 2016 оны зургаадугаар сараас эхлэн Энэтхэгийн зүүн хойд хэсгийн Ассам мужид Акшар нэртэй жижиг сургууль нээжээ. Хотын оршин суугчид өвлийн цагт дулаацахын тулд төрөл бүрийн пластик хог хаягдал шатааж, тэдгээр нь анги танхимаас эхлээд хүрээлэн буй орчны агаарыг бохирдуулж буйг тэд анзаарсан нь энэхүү санаачилгыг эхлүүлэх шалтгаан болсон гэнэ.

Тэднийг анх сургуулиа нээхэд ойролцоо амьдардаг ихэнх гэр бүлүүд хүүхдээ сургуульд явуулахын оронд барилгын чулуу бэлтгэх газар руу илгээж, өдрийн 2.50 доллараар ажиллуулдаг байв. Пармита Сарма, Мазин Мухарт нар анх 20 сурагчтайгаар сургалтаа эхлүүлж байсан бөгөөд тууштай хүчин чармайлт гаргасны үр дүнд одоо 100 хүүхэд Акшар сургуульд суралцаж байна. Мөн сургалтын төлбөрийн асуудлыг айл өрхүүдийн төсөвт хүндрэл учруулахгүйгээр, хүрээлэн буй орчинд ээлтэйгээр шийдсэн нь хотын оршин суугчдаас ихээхэн талархал хүлээж байна гэжээ.

Долоо хоног бүр 4-15 настай хүүхдүүд цуглуулсан хог хаягдлаа тушаахаар сургуулийн гадна дугаарлан зогсох нь эдүгээ хэвшил болжээ. Нэг хүүхэд долоо хоногт ойролцоогоор 25 ширхэг пластик хог хаягдлыг сургалтын төлбөрийн оронд тушаадаг хэмээн тэд ярьсан байна.

Хос хоёр ирэх таван жилд үүнтэй төстэй 100 сургууль нэмж байгуулахаар төлөвлөж байгаа аж.

 ublife.mn

Related Articles

Back to top button
Close