Сэлэнгийн гүүр нурахад ойрхон болсныг сануулав

Нийтэлсэн: - 2012 March 09 Friday, 7:00 am

    Сэлэнгэ аймгийн Шаамар сумаар урсан өнгөрдөг Орхон голыг гаталдаг гүүр нурахад ойрхон байгааг онцгойгийнхон болон автотээврийн газрынхан анхааруулж байна.
    Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Авто тээвэр хариуцсан мэргэжилтэн М.Баясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
    -Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь гүүр нурахад ойрхон гэсэн дүгнэлт гарсан байна?
    -Шаамарын гүүр 247 метр урттай Орхон голыг гаталдаг гол гүүр юм. Аймгийн төвөөс Зүүнбүрэн, Найрамдал, Зэлтэр гэсэн гурван сум руу явдаг, орон нутагтаа стратегийн чухал ач холбогдолтой гүүр гэж болно. Өнгөрсөн жил гүүрний сууринд бяцралт үүсч сэргээн зассан. Гэтэл энэ жил зассанаас өөр баганад дахин суулт үүсээд байна. Бид Авто тээврийн газрынханд арга хэмжээ аваач гэсэн хүсэлт өгсний дагуу нүүрс тээвэрлэгч машинуудыг явуулахгүй хязгаарлаад байгаа. 44 тоннын даацтай нүүрс ачсан машин явдаг байсан бол 20 тонн болгон бууруулсан. Уг гүүрийг анх “Рэдхил Монголия” компанийнхан тавьж, дараа нь сэргээн зассан юм. “Рэдхил Монголия” компани нь Канадын Торонтогийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй “Професи Коул Корп”-ын хөрөнгө оруулалттай 2006 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт Зэлтэрийн сав газарт эрэл хайгуулын ажлыг явуулж ирсэн.
    Өнгөрсөн 2010 оноос эхлэн Улаан-Овоогийн нүүрсний ордыг ил уурхайн аргаар ашиглаж эхэлсэн байдаг. Дархан, Эрдэнэт хотын дулааны цахилгаан станцуудыг гэрээний дагуу, орон нутгийн байгууллага, иргэдийг нүүрсээр хангадаг юм.
    -Тэгээд хэн хариуцлага алдсан хэрэг вэ?
    -”Рэдхил Монголия” компанийнхан Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд хүсэлт өгдөг юм билээ. “Бид өөрсдийнхөө хөрөнгөөр зам засвар, гүүр барих ажиллагаанд багагүй мөнгө зарцуулсан. Одоо улсаас бага хэмжээний мөнгөн тусламж өгөөч” гэж. Тэдэнд ямар яамныхан тайлбар өгөхийг мэдэхгүй. Бид орон нутгийнхаа хэмжээнд гүүр нурахаас сэргийлж их даацын машин явуулахгүйгээр хянаж байна.

    Д.Гэрэл