Тэтгэлэг олгоогүй сургуулиудыг нэрлэв

Нийтэлсэн: - 2012 March 30 Friday, 9:03 am

    БСШУЯ, Монголын оюутны холбоо хамтран өнгөрсөн долоо хоногт оюутны 70200 төгрөгийн олголтод шалгалт хийжээ.
    Оюутнуудын зүгээс зарим их, дээд сургуулийн удирдлага оюутанд олгох ёстой тэтгэлгийг сургалтын төлбөрийн үлдэгдэлд авч, кредит цагийг нэмж суутгаж байна гэх зэрэг санал, гомдол ирсэн тул дээрх шалгалтыг эхлүүлсэн байна. Шалгалт хийх явцад зарим сургуулиудад зөрчил илэрсэн тул Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль, Журам батлах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тогтоолын хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн БСШУ-ы сайд тушаал гаргажээ.
    Үүнд их, дээд сургуулиудад дахиж зөрчил гаргахгүй байхыг анхааруулсан, мөн оюутны тэтгэлгийг олгохгүй удаах, өөр зүйлд ашиглавал цаашид сургалтын эрхлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл заалт гаргасан байна.
    Дараах сургуулиуд 70200 төгрөгийн тэтгэлэг тараахдаа зөрчил гаргасан байна. Тодруулбал, МУИС-ийн Хими, химийн инженерчлэлийн сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, “Улаанбаатар эрдэм оюу”, “Маргад”, “Газарчин”, “Сэрүүлэг”, “Хүрээ”, “Хөдөлмөр” зэрэг дээд сургуулиуд үндэсний тэтгэлгийг олголгүй, сургалтын төлбөрт суутгах, бусад зүйлд ашиглаж байжээ. Гаргасан зөрчлийг ажлын хэсэг газар дээр нь таслан зогсоосон байна.