Ерөнхийлөгчийн зарлиг Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй

Нийтэлсэн: - 2012 April 20 Friday, 7:50 am

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улсын Ерөнхий прокурорыг томилсон зарлиг нь агуулгаараа Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2, 34.1, 56 дугаар зүйлийн гурав дахь заалтуудтай зөрчилдөж буй талаар Шударга шүүх төрийн бус байгууллагын тэргүүн Э.Эрдэнэжамъян мэдэгдлээ. Прокурорын байгууллагын тухай хуулийн 39.3-т “Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор 35 хүрсэн, хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг томилно” гэж заасан байдаг. Мөн хуулийн 39.1-т “Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтанд тэнцэж, гэрчилгээ авсан, мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадвараар шаардлага хангасан, хуульчийн мэргэжлээр гурваас доошгүй, эсхүл прокурорын туслах ажилтнаар хоёроос доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй, хорин гурван нас хүрсэн Монгол Улсын иргэнийг прокуророор томилно” гэж заасан байдаг. Гэтэл иргэн Д.Дорлигжавын намтрыг Улсын ерөнхий прокурорын газрын албан ёсны вэб хуудаснаас үзвэл хуульч мэргэжлээр 10 жил ажиллаагүй, хуульчийн шалгаруулалтанд ч орж чадаагүй байна.
    Прокурорын байгууллагын тухай хуульд заасан “хуульч” гэх нэр томьёог ойлгохдоо хуульч сонгон шалгаруулах тухай хуулийг баримтална. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 3.1-т нэр томьёоны тайлбар байх бөгөөд 3.1.1-т “хуульчийн сонгон шалгаруулалт” гэж шүүгчийн албан тушаал эрхлэх сонгон шалгаруулалтанд оролцох, өмгөөллийн болон нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах мэргэшлийн шалгалтанд оролцох, прокуророор ажиллах этгээд нь мэргэжлийн хангалттай мэдлэг, чадварыг эзэмшсэн эсэхийг шалгаж гэрчилгээ олгох үйл ажиллагааг, мөн зүйлийн 3.1.2-т “хуульч гэж энэ хуульд заасан сонгон шалгаруулалтанд тэнцэж, гэрчилгээ авсан этгээдийг хэлнэ” гэсэн байна. Харин эрх зүйч мэргэжлээр сурсан, төгссөн, эрдмийн зэрэг хамгаалсан, аль эсхүл хуульч, эрх зүйч мэргэжлээр өмнө нь ажиллаж байсан хүнийг хуульч гэж ойлгох боломжгүй аж.
    Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын прокурорын байгууллагын тухай хууль, Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан хуулийн шаардлага хангаагүй хүнийг Улсын ерөнхий прокуророор томилсон нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёрт заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн зарчмыг, Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн нэгд заасан “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргана” гэснийг тус тус зөрчсөн байж болзошгүй байна гэж тэрбээр үзэж байна. Тиймээс Д.Дорлигжав прокурорыг томилсон Ерөнхийлөгчийн зарлиг Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянаж өгөхийг хүсч байгаагаа тэрбээр илэрхийллээ.